Компанийн нийгмийн хариуцлагa


0:00
/

pdf унших - Компанийн нийгмийн хариуцлага

Компанийн нийгмийн хариуцлага гэж чухам юу болохыг өмнөх гарын авлагаар танилцуулсан бид энэ удаа Компанийн нийгмийн хариуцлага яагаад чухал болохыг онцлон хүргэхээр бэлтгэлээ. Бизнес эрхлэгчид, амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлдэг талаар санаа авахуйц жишээг энэхүү гарын авлагадаа оруулснаар САЙН ЗАСАГЛАЛТАЙ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААА ухамсарладаг компани Монгол Улсад улам олноор өсөн нэмэгдэхэд түүчээ болохыг зорив. Амжилттай яваа бизнес бүрийн ард нийгмийн хариуцлагаа ухамсарладаг сайн засаглал байдаг гэдгийг мартаж болохгүй. Бизнесийн тогтвортой байдал, нийгмийн сэтгэл ханамж хоёр хоорондоо салшгүй холбоотой байдаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон үнэн. Өөрөөр хэлбэл, бизнесийн тогтвортой байдал, нийгмийн сэтгэл ханамж хоёр нэг нь нөгөөгөөсөө салшгүй холбоотой байдаг. Иймийн тулд бизнесээ тогтвортой, амжилттай удирдахын тулд нийгмийн хариуцлагаа том компаниуд хамгийн эхний эгнээнд тавьдаг билээ. Энэ бол дэлхийн хариуцлагатай компаниудын жишиг. Энэ жишгийг Монголд нэвтрүүлэхийг уриалж, мэдээллээр хангах санаачилгыг “Конрад Аденуэр”- ын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар гарган идэвхтэй ажиллаж байгаа билээ.

Бизнес нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчирдаггүй, мөн хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа нээлттэй тодорхойлсон, ил тод үйл ажиллагаа бүхий компанийг нийгмийн хариуцлагатай компани гэдэг.

Хууль эрх зүйн хариуцлага:
Санхүүгийн тайлангаа хуурамчаар үйлддэг, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бий болгохдоо мөрдөх ёстой дүрэм журмаа дагадаггүй, түүнчлэн байгаль орчныг бохирдуулсан үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч нийгмийн хариуцлагагүй хэмээн тодорхойлогдох аж. Японы автомашин үйлдвэрлэгч Mitsubishi компани зарим загварын автомашинуудынхаа шатахуун зарцуулалтыг 25 жилийн турш худал мэдүүлдэг байсан (2) нь саяхан илэрсэн, түүнчлэн Toshiba компани санхүүгийн тайлангаа хуурамчаар үйлдсэнээ өнгөрсөн жил хүлээн зөвшөөрсөн (3) зэрэг нь эдгээр компаниудыг нийгэм, олон нийтэд хариуцлагагүй хэмээн хоногшиход хүчтэйгээр нөлөөлж байна.

Ёс зүйн хариуцлага:
Хэдийгээр хууль, дүрэм журамд тусгагдаагүй ч гэсэн өндөр чанартай кофег ёс зүйтэйгээр худалдан авах бодлогыг Starbucks компани санаачилгаараа боловсруулсны үндсэн дээр мөрдлөгө болгон ажиллаж эхэлж буй нь ёс зүйн хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буйн илрэл юм.

Хүмүүнлэгийн хариуцлага:
Хүмүүнлэгийн хариуцлага нь бид бүхний сайн мэдэх хандив тусламж үзүүлэх, байгаль орчин цэвэрлэх, мод тарих зэрэг хэлбэрээр илрэх бөгөөд компаний нийгмийн хариуцлагыг бүхэлд нь мөсөн уултай зүйрлэвээс энэхүү уулын зөвхөн усны гадарга дээр ил байх хэсэгтэй ижил юм. Учир нь мөсөн уулын нийт эзлэхүүний 70%-80% нь усан доор оршиж байхад харин дөнгөж 1/5 нь хүний нүдэнд ил харагддаг байна. Хэдийгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь компаний нийгмийн хариуцлагын нэг хэлбэр бөгөөд Монгол шиг хөгжиж буй оронд энэ төрлийн дэмжлэг хэрэгтэй байгууллагууд олноороо оршдог тул тусламж үзүүлэх нь байх зүйл хэдий ч манай зарим аж ахуйн нэгжүүд ард иргэдийн нүдэнд илээр харагддаг энэхүү өчүүхэн хэсгийг бүхэлдээ компаний нийгмийн хариуцлага хэмээн эндүүрч буй нь асуудлын гол болоод байна. Өөрөөр хэлбэл компаний нийгмийн хариуцлагын үндсэн бүрдэл хэсгүүдийг хэрэгжүүлээгүй хэрнээ зөвхөн хандив тусламж үзүүлэн, сайн дурын үйлс хийснээр өөрийгөө нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани хэмээн өргөмжилж буй ташаа үйлдлийг ард иргэд хийгээд аж ахуйн нэгжүүд маань зөвөөр ухамсарлан ойлгож, залруулах арга хэмжээ авах нь компаниуд нийгмийн хариуцлагатай болж, түүнийг утгаар нь хэрэгжүүлэх эхлэлийн цэг нь болох юм.