2017 Найруулга зүй


0:00
/

pdf унших - 2017 Найруулга зүй

Сэтгүүлч найруулан бичих арга ухааныг хэр зэрэг эзэмшсэнээс түүний бичсэн бүтээл, нийтлэлийнх нь чанар чансаа хамаардаг. Энэ утгаараа найруулан бичих чадвар бол хэвлэн нийтлэгчдийн заавал эзэмших ур чадварын нэг мөн. Найруулга /style/ гэж юу вэ? Найруулга гэдэг нь уран илтгэх ухаан гэсэн үгнээс гаралтай бөгөөд чухам юуг хэлдэг талаар гадаад, дотоодын хэл шинжлэлийн судлаач, эрдэмтэд өөр өөрийн байр сууриа илэрхийлж, олон янзаар тодорхойлжээ. Тухайлбал: “Найруулга бол бичих арга барил бөгөөд тэр нь зохиогчийн бичлэгийн төрлийн тухайн үеийн онцлогийг илэрхийлнэ.” / П.Гиро / “Найруулга бол түүхийн явцад бүрэлдэн тогтсон, нийт ард түмэн үг ярианы харилцуурын хэрэглүүрийг шилж сонгох, хэрэглэх арга барилыг ухамсарлан мэдсэн, өнгө аяс болон хэлний нарийн ялгамжааг илтгэсэн, хэлний нэгжүүдийг аль болох зохистой хэрэглэсэн, дотоод нэгдэл бүхий хэлний тогтолцоо юм.” / Ц.Сүхбаатар / “Хэлний илтгэх арга барилын тогтолцоог найруулга гэнэ.” / Ө.Наранбат / Эдгээр ишлэлд найруулга гэж чухам юу болохыг янз бүрээр илэрхийлсэн хэдий ч агуулгын хувьд үндсэндээ нэг утга санааг илэрхийлж байна. Бид дээрх эрдэмтдийн тодорхойлолтод үндэслэн найруулга гэдгийг энгийнээр: “Санаа бодлоо зөв оновчтой, эмх цэгцтэй, энгийн ойлгомжтой илэрхийлэн бичих аргыг найруулга гэнэ.” хэмээн тодорхойлж болж байна. Харин хүн санаа бодлоо бичгээр илэрхийлэхийн тулд юуг найруулан бичиж болох вэ? Харилцааны хамгийн бага нэгж бол өгүүлбэр бөгөөд өгүүлбэрээр санаа бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой учраас өгүүлбэрийг зөв найруулж бичнэ. 5 Найруулга зүй Өгүүлбэрээс гадна найруулан бичих нэгжид : • Цогцолбор • Эх • Эсээ • Нийтлэл • Зохиол зэргийг оруулдаг. Аливаа найруулгыг үгийн сангийн байдлаас нь шалтгаалан эрхэмсэг буюу дээд найруулга, ерийн буюу дунд найруулга, доромж буюу доод найруулга гэж гурав ангилан авч үздэг. 1. Эрхэмсэг буюу дээд найруулга: Бичиг зохиолын хэлний дээд хэм хэмжээнд тохирох хуучирсан үг, шинэ үг, яруу найргийн үг зэрэг эрхэмсэг тансаг үг ашигласан найруулга багтдаг. 2. Ерийн буюу дунд найруулга: Энгийн хэл, найруулга. 3. Доромж буюу доод найруулга: Этгээд, завхай, бүдүүлэг үг хэрэглэсэн найруулгыг багтаадаг. Ижил нэг сэдэвтэй эхийг хүн бүр янз бүрээр бичсэн байдаг. Зарим нь тухайн зүйлийг тоочиж, аль эсвэл үйл явдлын өгүүлэмжээр хүүрнэн бас тайлбарлан бичсэн байхад зарим нь өөрийн үзэл бодол, байр сууринаас үнэлж дүгнэсэн, эргэцүүлэн бичсэн байдаг. Хүн хүний юмыг ойлгох ухаарах байдал өөр өөр байдагчлан бодол санаагаа хэлээрээ илэрхийлэх арга хэв маяг, найруулга, ур чадвар, авьяас нь өөр өөр байдаг. Ийм байдлаас үүдэн аливаа зохиомж болон эхийг найруулан бичих арга нь үндсэн дөрвөн хэв маягтай байдаг.

  • Тоочимж: Юм үзэгдлийн гадаад ба дотоод шинж чанарыг тухайн хам цагт тоочин дурдаж бичсэн эх юм. Гадаад, дотоод, гол хэсэг гэсэн бүтэцтэй. Тоочимж нь тухай юмс үзэгдэл, орон байр, цаг улирлын тухай тодорхой мэдээлэл өгдөг.
  • Хүүрнэмж: Хэрэг явдал, үйл явцыг цагийн дэс дарааллаар эхнээс нь дуустал энгийн хүүрнэн өгүүлнэ. Эхлэл, гол, төгсгөл хэсгээс бүрдэнэ. Үлгэр, домог, тууж, роман, өгүүлэл, намтар, өдрийн тэмдэглэл гэх мэт. Хүрнэмжээс тухайн үйл явдал, хэрэг явдлын тухай харилцан уялдаатай, дэс дараатай, цогц мэдээлэл олж авдаг.
  • Эргэцүүлэмж: Юмсын учир шалтгаан, бүтэц бүрэлдэхүүн, мөн чанарыг аль нэг талаас нь онцлон тодорхойлж, тайлбарлан бичсэн эх. Агуулга нь баримт жишээ, тооцоо судалгаа, шалтгаан, үр дагавар, дүрэм тодорхойлолтод тулгуурласан байдаг.
  • Тайлбарламж: Аливаа юмс үзэгдэл, үйл байдлын учир шалтгаан, шинж чанарыг шүүн тунгааж, баталсан ба үгүйсгэсэн дүгнэлт гарган бичсэн эх юм. Энэ нь баримт, баталгаа, дүгнэлт шаарддаг тул дэвшүүлсэн асуулт баталгаа, дүгнэлт гэсэн хэсэгтэй байна.