Асч дүрэлзсэн эргэж буцаагүй бидний 30 жил - Хан-Уул дүүргийн МоАХ


0:00
/

pdf унших - Асч дүрэлзсэн эргэж буцаагүй бидний 30 жил - Хан-Уул дүүргийн МоАХ

“Бид 30 жилийн өмнө хэн байв”-аа гэж нэлээн бодлоо. Хуарангийн социализмаас өөр нийгмийн байгууллага мэдэхгүй, шүтэх эс шүтэхээ ч ялгахгүй, өөрсдийн хувийн өмч байхгүй, бахархах түүхгүй, бусдын заасан замаар үг дуугүй гэлдэрдэг тийм л тэнэгдүү ард түмэн байсан. 1989 оны 12-р сарын 10. Энэ өдөр Монгол түмэн маань их найрагч Дашдоржийн Нацагдоржийн хэлснээр “ Хуучин хүү Шинэхүү боллоо” гэдэг шиг хуарангийн социализмаас Ардчилсан нийгмийг цогцлоох их ажил эхэлж байжээ. Коммунизм тийм амархан ч нурчихаагүй амь бөхтэй тэмцэлдэж байсан. Тэр үед коммунистууд армитай, зэвсэгтэй, тагнуултай, цагдаатай, мэдээллэгчтэй тун бардам байсан ч гартаа зэвсэггүй, бэлдсэн жоргүй дан ганц өөрсдийн чин хүсэл эрмэлзэлтэй МоАХ-ны “хүнд гарын партизанууд”-д ялагдсан. Айх эмээхээ мартаж, амь насаа хайрлалгүй эргэлт буцалтгүй тэмцлийг өрнүүлж байсан залуучууд, ахмадууд дотор манай “Ажилчны район”-ыхан жагсаал, цуглаан, анхны өлсгөлөн, пикет гээд бүх тэмцэлд тэргүүн эгнээнд манлайлан оролцож байлаа. Манай МоАХ-ны залуус тэр дотроо “Био”-ийн гэсэн тодотголтой залуус маань анхны МоАХ-ны тугийг хийж, тухайн үеийн том өрсөлдөгч болох МАХН-ын П. Жасрайг ялсан гээд том гавъяа их бий. Томоохон гавьяа байгуулж бусдыгаа тэргүүлж явсан зарим нөхөд минь одоо тэнгэрийн оронд заларжээ. Тэднийхээ алдар нэр, хийсэн үйлсийг энэхүү номондоо багтааж хойч үедээ үлдээж сэтгэлийг нь амрааж чадсан болов уу. Бид зэвсэг барьж хувьсгал хийгээгүй, харин зэвсэгтэй эрх мэдэлтэй бүх хүмүүсийн эсрэг өөрсдийн оюун ухаан, нэгдмэл чанар, нэг нэгнээ гэсэн сэтгэл, нэг зорилгын дор тууштай тэмцэх залуу халуун насаараа тэмцэн дийлж өнөөдрийн Ардчилалыг бий болгожээ. Гэвч бид Ардчилалыг бүрэн утгаар нь эх орондоо суурьшуулж чадсангүй, дутуу зүйл их хийжээ. Тэрхүү дутуу орхисон зүйлсийг үнэн зөвөөр нь эх орондоо суурьшуулах хүмүүс нь залуу үеийнхэн, залгамж халаа болсон үр хүүхдүүд минь билээ. Та нар бидний алдсан алдааг давталгүй илүү сайхан өнгөлөг ирээдүйг бүтээгээрэй хэмээн хүсье. Энэхүү номондоо аль болох олон партизануудаа хамруулахыг хүсэн гарах хугацааг хойш татсандаа хүлцэл өчье.