Ардчиллын анхны он жилүүд


0:00
/

pdf унших - Ардчиллын он жилүүд

1980-аад оны дундуур дэлхийн социалист системийн зарим оронд нийгэм, улс төрийн шинжтэй тэмцэл хөдөлгөөн гарах болж, хуучнаар БНМАУ-ыг өөрийн хараандаа бүрэн байлгаж байсан ЗХУ-д өөрчлөн байгуулалт гэж дуугарах болсон нь дэлхийн хоёр том лагерийн нэг социалист систем задрах үйл явц эхэлснийг харууулж байв. Энэ үед социалист системийн орнууд, түүний дотор БНМАУ-д нэг намын хүчтэй дарангуйлал тогтчихсон, хүний эрх, эрх чөлөөний талаар ярих ч юмгүй, иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрх нь хаагдмал, тэр бүү хэл иргэн хүн улс орон дотроо зам явахгүйгэээр (зөвшөөрөлгүйгээр) зорчих эрхгүй, эдийн засагт нь хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй тийм хатуу чанга, хаагдмал нийгмийн тогтолцоо хүчтэй ноёрхож байсан билээ. 1980 –аад оны сүүлчээр энэ бүхнийг өөрчлөх үзэл санаа БНМАУ-ын хилийн дээсийг аль хэдийн даваад орчихсон байв. 1989 оны 11-р сард хуралдсан Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөний уур амьсгал хүчээ авсаар бүр хөдөө орон нутагт ч хүрчихсэн байлаа. 1989 оны 12 сарын 7 ны өдөр алс баруун хязгаар Ховд хотод багшийн дээд сургуулийн зарим багш, оюутнууд цуглаан хийж, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо, Сайд нарын Зөвлөлийг огцрохыг шаардсан өргөх бичгийг МАХН-ын Төв хорооны VII бүгд хуралд хүргүүлж байв. Энэ үеэр Улаанбаатар хотод улс төрийн анхны байгууллага-Монголын Ардчилсан Холбоо (МоАХ)-г байгуулсан хэсэг нөхөд маань Олон улсын хүний эрхийн өдөр 12-р сарын 10-нд анхны улс төрийн цуглаанаа хийхээр бэлтгэж байв. Тэд маань манай улсад өрнөсөн ардчилсан хувьсгалыг эхнээс нь эцэс хүртэл нь үргэлжлүүлэн тэмцэж, хожмоо ардчиллын алтан хараацайнууд гэгдэх болсон манай анхдагч партизанууд юм. МоАХ-г оюун санаа, хүн хүч, үйл ажиллагаагаараа улс төрийн тавцанд илээр гарч ирж дэмжсэн улс төрийн хоёр дахь хүчин нь 12-р сарын 28нд байгуулагдсан багш нар голдуу сэхээтнүүдээс үүсэлтэй Ардчилсан Социалист Хөдөлгөөн байлаа. Дараагаар нь эдийн засагчдаас голдуу бүрдсэн Шинэ Дэвшилт Холбоо, мөн Монголын Оюутны Холбоонууд хүч түрэн орж ирж, Ардчилсан хүчнүүдийн эгнээг өргөтгөв. 1990 оны 3 сарын 4-нд зохион байгуулсан Ардчилсан хүчнүүдийн анхны хамтарсан цуглаанд урьд өмнөхөөсөө даруй 3-4 дахин илүү буюу 90-100 мянган хүн оролцсон нь ардчилсан хувьсгалын түүхэнд хамгийн олон хүн оролцсон цуглаан болсон бөгөөд энэ цуглаанаас Ардчилсан хүчнүүдийн хамтарсан мэдэгдлийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдэд болон МАХН-ын Төв Хороонд хүргүүлсэн юм. Гэсэн хэдий ч тэд өөрийн байр сууриа тавьж өгөхийг огтхон ч хүсээгүйгээр барахгүй Ардчилсан хүчнүүдийн хамтарсан мэдэгдэлд дурдсан шаардлагуудыг хүлээн авах боломжгүй гэж хоёр хоногийн дараа буюу 3 сарын 6 –нд мэдэгдсэн нь манай тэмцлийн дээд хэлбэр болох өлсгөлөн зарлахад хүргэсэн билээ.

1990 оны 3 сарын 7 –нд эхэлсэн улс төрийн өлсгөлөнгийн үеэр хийсэн хэлэлцээрүүдийн үр дүнд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон тухай МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж. Батмөнх 3-р сарын 9-ний орой олон нийтэд радио телевизээр мэдэгдсэнээр улс төрийн өлсгөлөн зогсож, Ардчилсан хүчнүүдийн тэмцэл цаашид улам бүр ялалтад хүрэх эхний суурь тавигдсан юм.