2018 Ардчиллын IV чуулган төвлөрлийг сааруулах замаар иргэдэд үйлчилгээг ойртуулах нь ....


0:00
/

pdf унших - 2018 АРДЧИЛЛЫН IV ЧУУЛГАН ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ЗАМААР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛАХ НЬ

Зорилго: Монгол Улсад төвлөрлийг сааруулах үйл явцыг тодорхой үе шатаар харилцан уялдаатай, цогц байдлаар хэрэгжүүлэх замаар төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хэлбэрэлтгүй хангах, нээлттэй, хариуцлагатай, сайн засаглалыг бүрдүүлэн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Зарчим:

  • Субсидиар зарчим. Энэ нь чиг үүргийг иргэдэд хамгийн ойр хэрэгжүүлэх чадавхи бүхий анхан, дунд шатны нэгжид хуваарилахыг хэлнэ.
  • Чиг үүргийг тодорхой хуваарилах зарчим. Энэ нь холбогдох хуулиар чиг үүргийг түвшин хоорондын давхардалгүй, тодорхой хуваарилахыг хэлнэ.
  • Чиг үүргийг санхүүжүүлэх зарчим. Энэ нь тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн хамт хуваарилахыг хэлнэ.
  • Чиг үүргийг хамтран хэрэгжүүлэх зарчим. Энэ нь шаардлагатай тохиолдолд төрийн үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн чиг үүргийг дээд болон доод шатны засаг захиргааны байгууллагууд босоо болон хэвтээ түвшинд хамтран хэрэгжүүлэхийг хэлнэ.  Олон улсад төвлөрөл сааруулалтыг дараах хэлбэрүүдэд авч үздэг.
  • Улс төрийн төвлөрөл сааруулах,
  • Захиргааны төвлөрөл сааруулах,
  • Төсвийн төвлөрөл сааруулах,
  • Эдийн засгийн төвлөрлийг сааруулах. Манай улсын Засгийн газраас батлагдсан “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дээрх хэлбэрүүдийг бүрэн хамруулж авч үзсэн болно. Бодлогын зорилт, хэрэгжүүлэх арга зам
  • Нутгийн удирдлагын байгууллагын бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд болон иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх замаар улс төрийн төвлөрлийг сааруулах;
  • Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, тогтолцоог боловсронгуй болгох, чиг үүргийг дахин хуваарилах, хүний нөөцийн тогтвортой бодлогыг хангах замаар захиргааны төвлөрлийг сааруулах;
  • Орон нутгийн эдийн засаг, санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх замаар төсвийн төвлөрлийг сааруулах;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн болон орон нутгийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нийгмийн салбарын хувьчлалыг үргэлжлүүлэх замаар эдийн засгийн төвлөрлийг сааруулах.

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг амжилтанд хүргэхийн тулд Монгол Улсын Засгийн газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Үүнд: Чиг үүрэг дахин хуваарилалт: Төрийн байгууллага, нутгийн удирдлагын болон захиргааны байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлал боловсруулж, тодорхой салбарт туршсаны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулан нийтлэг байдлаар хэрэгжүүлнэ; Орлого, эх үүсвэрийн хуваарилалт:

  • Орон нутгийн түвшинд дахин хуваарилсан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг холбогдох төсөвт тусгасны үндсэн дээр хуваарилна;
  • Орон нутгийн төсвийн орлогын төрлийг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлүүлнэ.   Төсвийн тэнцвэржүүлэлт:
  • Орон нутагт хуваарилсан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө болон орон нутгийн өөрийн орлого хоорондын зөрүүг төсвийн тэнцвэржүүлэлтийн аргаар шийдвэрлэх;
  • Санхүүгийн дэмжлэг болон төсөв хоорондын орлогын хуваарилалтын өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох. Нэгдсэн тэнцэл:
  • Төрийн байгууллага болон орон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийн дахин хуваарилалттай холбогдон үүсэх санхүүгийн үр дагаврыг нэгдсэн төсвийн хэмжээнд тооцох. Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал: Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл нь чиг үүрэг дахин хуваарилах аргачлал боловсруулж бүх салбарт нэвтрүүлэх явдал юм. Иймд Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал” батлагдсан болно. Тус аргачлал боловсруулагдах явцад төрийн захиргаа судлалаар судалгаа шинжилгээ эрхэлдэг судлаач эрдэмтэд “Чиг үүрэг” гэдэг ойлголтыг өөр өөрийн өнцөгөөс тайлбарлаж байсан юм. Аргачлал боловсруулах үүрэг бүхий баг энэ байдлыг нэг мөр болгохоос ажлаа эхэлж удаа дараагийн уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд “Чиг үүрэг” гэх энэхүү ойлголтыг дараах байдлаар тодорхойлоход санал нэгдсэн юм. Чиг үүрэг гэдэг нь төрийн байгууллагад хуулиар тогтоосон эрх мэдлийн хүрээнд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тогтвортой чиглэлийг хэлнэ. Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл нь “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал” байх болно гэж дээр дурдсан. Энэхүү нэн чухал хэрэгсэлийг хууль эрх зүйн үндэслэлгүй боловсруулж, батлуулах улмаар хэрэгжүүлэх тухай ойлголт байж болохгүй юм.