Дахин боловсруулах тухай сэтгүүл


0:00
/

pdf унших - Дахин боловсруулах тухай сэтгүүл

ХОГНЫ ТУХАЙ ХЭДХЭН ТОО БАРИМТ
Дэлхийн улс орнуудын хатуу хог нийлээд жилдээ дунджаар 11 тэрбум тонн болдог ажээ. Үүнээс 2.12 тэрбум тонн хогийг газарт булдаг байна. Ийм хэмжээний хогийг машинд ачаад цуваа болговол тэрхүү цуваа дэлхийг 24 давхар ороохоор хэмжээний урт болно.

Зарим улс орон хог хаягдлыг багасгах, дахин боловсруулж ашиглах чиглэлээр амжилттай ажиллаж байна. Тухайлбал, Швед Улс хог хаягдлыг тэглэх зорилготой ажиллаж байгаа ба нийт хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулдаг. Манай улсын жилийн хог хаягдлын хэмжээ 3.4 сая тонн [БОАЖЯ-ны Газрын дарга П.Цогтсайханы ярилцлагаас] байдаг. Нэг хүн хоногт 0.5 кг, жилдээ 200 кг хуурай хог гаргадаг гэсэн дундаж тооцоо байдаг ажээ. Төсөөлөөд үз дээ, хүүхдүүд ээ! 2018 оны байдлаар манай улс 890 мянга гаруй өрх-айлтай байсныг тооцвол нэг айл ам бүлийн тооноосоо хамаараад жилдээ дунджаар 0.5-4 тонн хог хаях нь. Үүнийг ангилж ялгаад хог дахин боловсруулах үйлдвэрт өгч чадвал танай гэрээс жилдээ хаягдах хогны хэмжээ 0.5-4 тонн биш, магадгүй 1-2 тонн болж багасна. Ингэснээр бид хоггүй, цэвэрхэн оронд амьдрах болно.

Үнэндээ бүх төрлийн хогоо нийлүүлж нэг саванд түр хадгалаад гэрээсээ гаргаж хаях нь тийм ч зөв зүйл биш. Айл бүрийн хогийг нийлүүлж ачаад “хогийн цэг” гэж нэрлэсэн газарт хүргээд л шууд асгах нь байгаль орчноо сүйтгэж байгаа хэрэг юм. Манай оронд хог хаягдлын 20 гаруй хувийг л дахин боловсруулдаг. Харин үлдсэн 70 гаруй хувийг одоогоор байгальд ил задгай асгаж байна.

ХОГИЙГ АНГИЛАН ЯЛГАХ
Ахуйн хогийг ерөнхийд нь ХАТУУ ба НОЙТОН хог гэж ангилдаг. Аль болох бага хэмжээний хог байгальд булахын тулд улс орнууд хатуу хогоо ангилан ялгаж дахин боловсруулдаг. Нойтон хог буюу хоол хүнсний үлдэгдлийг тусгай аргаар хөрс болгон ойжуулалт, зүлэг цэцэг тарихад хэрэглэдэг. Хатуу хогийг ангилан ялгах нь дахин боловсруулах үйлдвэр байгаа эсэхээсээ хамаараад улс орон бүрт яг адилхан биш. Аль нэг орны хог ялгах аргыг мэдэх хүн өөр оронд очиход адилхан ангилалт байхгүй байх нь түгээмэл. Хэрэв амьдарч буй орныхоо ялгалтыг мэдэхгүй бол хогоо ялгаж хаяж чадахгүй ч болж мэднэ.

Хэрэв бид хогоо зөв ялгаад зориулалтын саванд нь хийж чадвал нийт хатуу хог хаягдлынхаа 20 биш 30-40 хувийг дахин боловсруулах боломжтой. Одоогоор зарим орон сууцны оршин суугчид цаас, хуванцар сав, шил лаазаа ялгаж тус тусын хаягтай саванд ялган хийж буй сайн туршлага байна. Ингэж ялгахдаа аль болох бохир үлдэгдлээс нь цэвэрлэж хаявал дахин боловсруулах үйлдвэрт тэнцэж сайн түүхий эд болно. Жишээ нь сүү, тарагны савыг усаар сайтар зайлаад шалчийлгаж овор хэмжээг багасгаад зориулалтын саванд нь хийх хэрэгтэй.

ДАХИН БОЛОВСРУУЛАХ ХАТУУ ХОГ
Бидний өдөр тутмын амьдралаас гардаг хогны ихэнх нь дахин боловсруулж болох хатуу хог юм. Өнөөдөр танай гэрээс хаягдаж байгаа хэдий ч дахиад ашиглагдаж болох бүх төрлийн хог дахин боловсруулах хогонд тооцогдоно. Жишээ нь цаас, хуванцар эдлэл, шилэн лонх, ус ундааны сав, лааз, тараг сүүний цаасан сав, гялгар уут, хуучин тавилга гэх мэт. Манай улсад эдгээрийг дахин боловсруулж өөр шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Хуванцар хогийг гэхэд л дахин боловсруулаад хүнсний бус хайрцаг сав, муу усны хоолой зэргийг хийж байна. Дахин боловсруулж болох хогийг бүрэн ашиглая гэвэл аль болох олон төрлөөр ялгаж ангилах хэрэгтэй. Жишээ нь шилэн сав, хуванцар сав, төмөр лааз, шил, гар утас бүр тэр ч байтугай хүнсний хаягдлыг ялгаад хаявал бүр амар байгаа биз? Ингэж ялгасан хогийг дахин боловсруулах газрууд шууд ирээд ачаад явахад үйлдвэрлэлийн бэлэн түүхий эдтэй болох юм. Ингээд бидний хаясан хог буцаад шинэ бүтээгдэхүүн болж хүн бүрийн өдөр тутмын амьдралд ашиглагдана гээд бодоод үз дээ.