2019 Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал сорил 1990-2019


0:00
/

pdf унших - 2019 МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛЛЫН ХӨГЖИЛ, БЭХЖИЛТ, АСУУДАЛ СОРИЛ 1990-2019

“Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт (1990- 2019 он)” хэмээх тус хамтын бүтээл нь ХБНГУ-ын Конрад Аденауэрын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас санхүүжүүлж, үндэсний судлаачдын бүтээж, туурвих, судалгааны үр дүнгээ олон нийтэд хуваалцах боломж нөхцлийг бүрдүүлсний үндсэн дээр амжилттай хийгдсэн болохыг удаад нь тэмдэглэж, талархаж байна. ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан, түүний Монгол дахь суурин төлөөлөгч Иоханн Фурманн, менежэр С.Ганзаяа нарын идэвхтэй тусламж дэмжлэг, басхүү санаачлагатайгаар МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, түүн дотроо Улс төр судлалын тэнхимтэй хамтран үр бүтээлтэй олон үйл ажиллагаа зохион байгуулж ирсний нэг нь энэхүү хамтын бүтээлийг туурвигчдыг дэмжсэн явдал болно. “Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт (1990- 2019 он)” сэдэвт уг хамтын бүтээл нь “Ардчиллын бэхжилт, төрийн эрх мэдлийн институтын зарим асуудал”, “Ардчиллын институцийн хөгжлийн 7 өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Монгол дахь ардчиллын эдийн засаг, социал, нийгэм-сэтгэл зүйн олон талт өөрчлөлт, тулгамдсан асуудал” гэсэн үндсэн гурван бүлэг, бүлэг тус бүрийн агуулгын хүрээнд томъёологдсон тус бүр гурван дэд хэсгүүдээс бүрдэж байгаа юм. “Ардчиллын бэхжилт, төрийн эрх мэдлийн институтын зарим асуудал” бүлэгт ардчиллын хөгжил, бэхжилтийн тулгамдсан асуудал, Засгийн газрын тогтворгүй байдлын асуудал, мөн Шүүх эрх мэдлийн зарим тодорхой асуудлыг хөндсөн. “Ардчиллын институцийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” бүлэгт сонгууль, улс төрийн нам, иргэний нийгмийн зарим чухал асуудлыг авч үзсэн бол “Монгол дахь ардчиллын эдийн засаг, социал, нийгэм-сэтгэл зүйн олон талт өөрчлөлт, тулгамдсан асуудал” бүлэгт эдийн засаг дахь улс төрийн бодлогын нөлөө, нийгмийн социал, сэтгэл зүйн хүрээнд гарсан өөрчлөлт, тулгамдсан асуудлуудыг авч үзсэн.

Ардчилал нь хүн төрөлхтөний төрийг засаглах, улсыг удирдах, асуудлыг шийдэх арга зам болох эхлэл нь 2500-аад жилийн өмнөх Эртний Грекийн хот улсуудаас эхтэй гэдгийг бид бүхэн мэднэ. МЭө 507 онд Эртний Афины улс төрч Клисфен1 -ийн эхлүүлсэн засаглалын шинэчлэлийг улс төрч Перикл үргэлжлүүлэн өдгөө Сонгодог ардчилал2 , Шууд ардчилал3 хэмээн нэрийдэх засаглалын удирдлагын институцчлагдсан хэлбэрийг хөгжүүлэн орчин үеийн ардчилсан засаглалын институцийн бүтэц, үүрэгтэй ижил түвшинд Ардчилсан засаглалыг хэрэгжүүлж чадсан нь гайхамшигтай юм. Афины ардчиллын хамгийн чухал чанар нь иргэдийн хүсэл хуулиар хязгаарлагддаг байсанд оршино. Афины иргэд жилд 40 удаа буюу долоо хоног бүр ариун Акрополисын баруун хэсэгт байрлах засаглалын төв болсон Пниксд цуглан мэтгэлцэж шийдвэр гаргах процесс нь санал хураах зарчимаар гараа өргөн санал өгдөг байв. Энэ нь ардчиллын үндсэн шинж болох дийлэнх олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг зарчим бөгөөд өнөөдрийг хүртэл энэ шинжээ хадгалж байна хэмээн үзэж болно. Улмаар ардчилал нь орчин үеийн төрт улсуудын засаглал, дэглэмийн хэлбэр болох үйл явц нь гурван удаагийн Ардчиллын давалгаа (Huntington, 1991)4 өрнөсөнтэй холбон тайлбарладаг. Судлаач С. Хантингтон 1991 онд гаргасан “Гуравдахь давалгаа: 20-р зууны сүүлч ардчилсан шилжилт” судалгааны бүтээлдээ ардчилсан шилжилт хийгдсэн цаг хугацаагаар нь гурав ангилсан байдаг. Нэгдүгээр давалгаа 1828-1926 он, хоёрдугаар давалгаа 1943-1963 он, гуравдугаар давалгаа 1974-1990 он хэмээгээд давалгаа бүр ухралттай байна хэмээн дүгнэсэн нь хамгийн сонирхолтой, анхаарууштай үр дүн буюу дэглэмийн ухралт хийгдэх боломжтойг тайлбарласан байдаг. Манай улсын хувьд сүүлийн давалгаанд өртсөн ардчилсан улсын тоог нэгээр нэмсэн нь 1990 он юм. Сүүлийн гуравдахь давалгаанд өртсөн улс орнуудын Ардчилал өнөөдөр зарим судлаачдын хандлагаар ухралт, эсвэл гажуудал явагдаж байна хэмээн судалгааны бүтээлдээ дурдах нь ихэсэж байгаа нь Хантингтон судлаачын “Давалгаа байх бол ухралт байна” гэдгийг нотолж буй үзэгдэл мэт. Мөн орчин үед парламентын болон ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улс орнуудад ардчиллын институц хэврэг болох, нийгмийн үнэт зүйлс аажмаар өөрчлөгдөх үзэгдэл өрнөж байгааг олон сонгуулийн үр дүнгээр харах боломжтой байна. 2017 онд судалгааны SWI байгууллага Ардчилал ухралтанд орж байгаа талаар 178 орныг хамарсан судалгаа хийхэд 24 төр улсад энэхүү шинж байгаа талаар дурдсан байдаг. Судалгааны баг V-DEM (varieties of democracy-ардчиллын олон шинж)5 нь ардчиллын олон талт байдлын шинжилгээг хийхдээ дараах байдлаар хийдэг. Үүнд - Ардчиллын суурь 5 зарчимд анализ хийх: Сонгууль, Эрх чөлөө, Оролцоо, Зөвлөлдөх болон Тэгш байдлын зарчим - Мөн ардчиллын доош түвшний зарчмууд болох ердийн сонгууль, шүүх эрх мэдэл, шууд ардчилал, жендерийн тэгш байдал зэргийг тус бүр дээр нь шинжилгээ хийдэг - Ардчиллын талаарх цаг хугацааны тасралтгүй байдлын судалгаа - Ардчиллын шалтгаан, үр дагавар, орчин үеийн хэлбэр дэглэмийн талаарх ойлголтыг нэгтгэх Мөн тус хүрээлэн Ардчилсан засаглаглалаас авторитар засаглал уруу шилжих үйл явцыг нь дэлхийн улс орнуудад ямар төлөв байдалтай байгааг дараах дөрвөн хэлбэрээр ангилсан. Үүнд : - Бодит ардчилсан улс: сонгуулийн тогтолцоо бүрэн бэхжсэн, эрх чөлөө-тэгш байдал хамгаалагдсан, иргэдийн улс төрийн оролцоо өндөр, идэвхтэй байх, нийгмийн систем сайн ажилладаг байх нөхцөл бүрдсэн. Ийм шинжийг хангасан улсын тоо 39 буюу дэлхийн хүн амын 14%-ийг эзэлж байна. - Сонгуулийн ардчилсан улс: Албан ёсны ээлжит сонгууль зохион байгууллагддаг, ардчиллын үндсэн зарчмыг хангах нь маш бага хувь байдаг. Энэ шинжийг 56 улс буюу нийт дэлхийн хүн амын 38%-ийг эзэлж байна. - Сонгуулийн авторитар улс: Энэ тохиолдолд сонгууль зохион байгуулагдах ба голчлон нийгмийн дэг журам, нийгмийн тэгш бус байдлыг зохицуулах зорилготой хийгддэг. Энэ шинжийг 56 улс буюу нийт дэлхийн хүн амын 23%-ийг эзэлж байна. - Бүрэн авторитар улс: Сонгууль болох хэдий ч өнгөц хэлбэрийн төдийн явагдана. Эрх чөлөө баталгаагүй, хоёр том намын систем тогтох, ардчиллын зарчим, хэвлэл мэдээллийн бие даасан байдал алдагдсан байх. Энэ шинж 27 улс буюу дэлхийн хүн амын ¼-ийг хамарч байна. Дээрх үр дүнг ардчилсан болон авторитар хэмээн хоёр бүлэг болгож үзвэл 95 улс ардчилсан засаглалтай хэмээх судалгааны үр дүн гарч байна. Энэ хандлага манай улсын хувьд ч сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Нийгмийн зүгээс ардчилсан засаглалын хэлбэрт итгэл алдах, төр болон нийгмийн хувьд ардчиллын үнэт зүйл хэрхэн бэхжиж байгаа нь тодорхой бус, ардчиллын сөрөг үр нөлөө нь популист улс төржилтөөр илрэх зэрэг үзэгдэл ихсэж байна. Энэ нь ардчилсан шилжилт хийгдэхэд төр, иргэн бэлэн байж чадсан эсэх, ардчилал нь нийгмийн үнэт зүйл болж төлөвшсөн эсэх зэрэг маш олон асуудлыг дагуулж байна. Иймээс Монголын ардчилсан засаглалын гучин жилийн хөгжлийг цаг хугацаагаар түүхчлэн, ардчилсан шилжилт, түүний институцын хөгжил, тулгарч буй сорилтуудыг дараах асуудлын хүрээнд нээхийг энэхүү судалгааны зорилго болгон тавьж байна. Судалгааны зорилгын хүрээнд - Монголд Ардчилсан дэглэмийн шилжилт хийгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлс - Ардчиллын үнэт зүйлс, түүний институц - Ардчиллын тогтворжилт, төлөв байдал - Монголын ардчиллын онцлог, посткоммунистуудтай харьцуулах судлах зорилт дэвшүүлсэн болно. Судалгааны арга зүй - Ардчиллын шилжилтийн онол, арга зүй - Институцчлалын онол, арга зүй - Ардчиллын тогтворжилтын онол, арга зүй - Статистик шинжилгээний арга - Баримт бичгийн аргыг ашиглав. Монгол улсын ардчилсан шилжилт, түүний тогтворжилт, тулгарч буй сорилт, нийгмийн нөхцөл байдал, ардчилсан институцын хөгжил зэргээс шалтгаалан дараах гурван үед хуваан шинжлэхийг зорьсон. Үүнд: Ардчилсан шилжилтийн эхэн үе 1990-2000 он, Ардчиллын гажуудлын эхэн үе 2000-2010 он, Ардчилалд тулгарч буй сорилт, төлөв байдал 2010- 2019 он хэмээн цаг хугацааны хувьд үечлэв.