2018 МУ-ын төрийн байгуулал дахь засаглалын институтын талаарх судалгаа


0:00
/

pdf унших - 2018 МУ-ЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ ДАХЬ ЗАСАГЛАЛЫН ИНСТИТУТЫН ТАЛААРХ СУДАЛГАА

Монгол Улс нийгмийн амьдралдаа ардчилсан ёсыг нэвтрүүлэн амжилттай төлөвшүүлж буй орны нэг юм. Гэвч аливаа шинэ зүйлийг нэвтрүүлж хэрэглэхэд бэрхшээл тулгардгийн нэгэн адил тус орны улстөрийн амьдралд зарим сөрөг үзэгдэл гарч байгаа нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ. Сонгуулийн будлиан, засгийн газрын тогтворгүй байдал, шүүхийн хараат бус байдалд учирч буй саад гэх мэт нь Үндсэн хуулиар тунхагласан ардчилсан ёс, хууль, хүний эрхийг дээдлэх зарчмууд бүрэн тууштай хэрэгжихэд сөрөг нөлөөтэй байна. Үүнтэй холбоотойгоор ийм зүйл нь шинэ Үндсэн хуулийн боломжийг бүрэн шавхаж хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой юу, эсвэл Үндсэн хуульд согог байна уу гэсэн асуудал хөндөгдөж улстөрчид, судлаачид төдийгүй иргэдийн ч анхаарлыг татаж яриа хэлэлцүүлгийн сэдэв болж байна. Дэлхий дахины улс төрийн түүх, сургамжаас үзэхэд дээр дурдсан сөрөг үзэгдлүүдийн шалтгаан нь тогтолцооны (өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн) шинжтэй байдаг боловч нэлээд хувь нь соёлын шинжтэй байдаг. Ийм байдал манайд ч байгааг үгүйсгэж болохгүй. Тогтолцооны шинжтэй шалтгааныг Үндсэн хууль, бусад хуульд засвар оруулснаар шийдвэрлэж болно. Харин тогтолцоонд хийсэн засвар соёлын хомсдолыг нөхөж чадах уу гэдэг асуудалд нийтээрээ анхаарах ёстой. Тэгэхдээ энэ нь тогтолцооны шинжтэй шалтгааныг арилгах ажлаас хойш суух шалтгаан болохгүй. “Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтын талаарх судалгаа” нь зөв шийдлийг олж тогтолцооны зарим согогийг засахад тус нэмэр оруулах зорилго өвөртөлж байгаа юм. Энэ ажлыг эрхлэх судлаачдыг Конрад-Аденауэр-Сантай хамтран МУИС-ийн Улс төр судлалын тэнхимээс нээлттэй зарлаж хоёр байгууллагын хамтарсан зөвлөхүүдийн баг сэдвээ дэвшүүлсэн судлаачдаас сонгон шалгаруулсан болно. Зарлагдсан ерөнхий сэдвийн хүрээнд судлаач бүр өөр өөрийн ажиллах сэдвийг нарийвчилан тодорхойлсон юм. Энэ удаад ихэвчлэн залуу судлаачдыг сонгон шалгаруулсан нь тэдний судлаачийн чадварыг сайжруулах, улс төр-эрх зүйн судалгаа шинжилгээний ажлыг цаашид эрчимжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Төслийн гүйцэтгэлээр гарч байгаа энэхүү товхимолд буй судалгааны өгүүллүүд болон зөвлөмж нь зөвхөн судлаачдын хийсэн ажлын үр дүн, тэдний судалгааныхаа явцад хийсэн дүгнэлтийг агуулж байгаа болно. Төслийн удирдлагын зүгээс ямар нэг захиалга, чиглэл өгсөн зүйл огт үгүй, харин судалгааны явцад зөвлөхүүдийн зүгээс арга зүйн талаар санал солилцож, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар өрнөж буй улстөрийн хэлэлцүүлэг, мэтгэлцээний талаар мэдээлэл хийж байсан юм. Судлаач П. Амаржаргал Үндсэн хуулийн 20-р зүйлд заасан Улсын Их Хурал “төрийн эрхийг барих дээд байгууллага” мөн гэсэн заалт, 25-р зүйлийн 1 дэх хэсэгт “... төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох” тухай зэрэг заалт нь төрийн эрх мэдлийн салбарууд харилцан тэнцвэртэй байх зарчимтай зөрчилдөж байна гэж үзэн уг заалтаас “эрх барих дээд байгууллага” гэснийг хасах, эсвэл уг заалтыг УИХ нь хууль тогтоох эрх мэдлийн дээд байгууллага гэсэн агуулгаар тайлбар хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Ардчилсан тогтолцоонд төрийн эрх барих нэг дээд байгууллага бус эрх мэдлийн гурван салбар тус тусдаа дээд байгууллагатай байж, тэдгээр нь харилцан бие биенээ хянаж, эрх мэдлийн тэнцвэрийг хангаж байх учиртай билээ. Ийм зарчмаар хандвал УИХ-ын гишүүн нь төрийн бусад албан хаагчаас “том дарга” биш бөгөөд хууль тогтоох дээд эрх мэдлийг бүхэлдээ хэрэгжүүлдэг парламентын гишүүн, үүнтэй холбоотой эрх эдэлдэг албан хаагч юм. Энэ бол тогтолцооны талын асуудал, харин үүнийг хэрхэн ойлгох нь соёлын асуудал юм. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашиж болох эсэх тухай “давхар дээл”-ийн гэгдэх асуудлыг судлаач А.Болормаа, Засгийн газрыг томилох, огцруулах журмыг судлаач Н.Отгонбаяр тус тус судлажээ. Уг асуудлууд нь ардчилал төлөвшсөн орнуудад улстөрийн уламжлалаар шийдвэрлэгддэг, төдийлэн бэрхшээл үүсгэдэггүй боловч ардчилал шинэ тутам буй болсон орнуудад бас л төвөгтэй байдал үүсгэдэг байна. Судлаач Н. Отгонбаяр манайд ч ийм байдал олон гардгийг сүүлийн жилүүдийн жишээ баримтаар нотлоод засгийн газрыг олон дахин огцруулахад үүнтэй холбоотой Үндсэн хуулийн зохицуулалт нөлөөлж байна гэсэн дүгнэлт хийж засгийн газрыг огцруулахтай холбогдсон заалтуудыг өөрчлөн найруулах талаар зөвлөсөн байна. Ийнхүү өөрчлөхдөө засгийн газрыг хялбархан огцруулах боломжийг хаах чиглэл баримтлах нь зүйтэй ажээ. Судлаач А.Болормаагийн судалгаа нь манай оронд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хаших нь төдийлэн зохистой бус болохыг баталсан байна. Энэ нь нэгд, зарим тохиолдолд давхар албан тушаалтай гишүүд тухайн хуралдаанд оролцож буй гишүүдийн дотор их хувь эзэлж, шийдвэрт хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой байгаа нь хууль тогтоох болон гүйцэтгэх засгийн тэнцвэрийг алдагдуулах нөлөөтэй, хоёрт, давхар албан тушаалтай гишүүд маш олон тооны хуралд оролцох шаардлагатай байдаг нь салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд ноцтой саад болох боломжтой байгаатай холбоотой байна. Тиймээс УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх юмуу, эсвэл ийм тохиолдол маш цөөхөн байх нь зүйтэй гэж зөвлөж байна. Засгийн газартай холбоотой дээр дурдсан асуудлуудад манай улсын улстөрийн намуудын төлөвшил, намын дотоод амьдралын согог, боловсон хүчний бэлтгэл, сонголтын дутагдал ноцтой нөлөөлж байгааг дашрамд тэмдэглэж байна. Судлаач Я.Төгөлдөр Ерөнхийлөгчийн институтийн талаар судалгаа хийсэн байна. Түүний судалгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх мэдлийн улмаас Гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд хутгалдан оролцох, хууль санаачлах гэх мэт эрхдээ дулдуйдан зэрэгцсэн бодлого явуулах боломжтой байгааг нотолж тус улсад “Боннын” маягийн ерөнхийлөгчийн институт байх нь зохистой гэж үзжээ. Л.Галбаатар Монгол Улс дахь шүүхийн бие даасан байдал, түүнд үзүүлж буй хөндлөнгийн нөлөөний тухай асуудлыг судалсан байна. Тэрбээр, Үндсэн хуулийн зарим заалт шүүхийн хараат бус байдлын баталгааг хангахад учир дутагдалтай байгаа, шүүхийн тухай хууль тогтоомжийг өөрчлөх, шүүхийн санхүүжилтийг бууруулах гэх мэтээр шүүхэд нөлөөлөх боломж их байдаг болон нөлөөлж буйг нотлосон байна. Судалгааныхаа үр дүнгээр шүүхийн болон шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг цаашид бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулбал зохистой талаар хуулийн заалтуудын тодорхой томьёолол бүхий зөвлөмж гаргажээ. Энэхүү бодлогын судалгаа нь Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг явагдаж байгаа үетэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд, хууль тогтоогчид, улс төрчид, судлаачдын бодрол, бясалгалыг өдөөх, нэгэнт буй болсон байр суурийг нь бэхжүүлэхэд нотолгоо болох утгаараа ач холбогдолтой болсон гэж үзэж байна.