2017 Үр нөлөө бүхий нутгийн удирдлагын тогтолцоо


0:00
/

pdf унших - 2017 Үр нөлөө бүхий нутгийн удирдлагын тогтолцоо

Монгол Улс ардчилсан дэглэмд шилжиж улстөр, төрийн тогтолцоо өөрчлөгдсөний дотор нутгийн удирдлагын болон төв орон нутгийн харилцааны шинэ загвар буй болсон юм. Хэдийгээр эл тогтолцоо буй болоод хорин таван жил болж байгаа боловч орон нутгийн бие даасан байдал хангалтгүй, нутгийн удирдлагын чадавх, үр нөлөө төдийлэн сайн бус байна. Үүнд улстөр,эдийн засаг, нийгэм соёлын болон бусад хүчин зүйлс нөлөөлж байна. Эдгээр хүчин зүйлс дотор зохион байгуулалтын шинжтэй, эдийн засгийн их нөөц шаардахгүйгээр, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж болмоор асуудлууд ч багтаж байна. Үүний нэг нь төрийн захиргааны төв байгууллага (мөн тэдгээрийн харъяа агентлагууд) болон нутгийн удирдлагын чиг үүргийн хуваарилалт юм. Нутгийн удирдлагын чиг үүрэг тодорхой бус, анхан болон хоёр дахь шатны хооронд ялгаагүй байгаа нь нутгийн удирдлагын үр нөлөөг бууруулж байна. Нутгийн удирдлагын чиг үүргийг тодорхой болгохын тулд юуны өмнө тус улсад орон нутгийн бие даасан байдал ямар хэмжээтэй байх вэ гэдэг асуултанд хариулт хэрэгтэй юм. одоогийн байдлаар орон нутгийн бие даасан байдал төлөөллийн шинжтэй байгаа юм. Монгол улс хэдийгээр төрийн нэгдмэл байгууламжтай боловч орон нутаг нь улстөрийн эрх мэдэлд хамааралгүй асуудлаар чиг үүргийнхээ дагуу хэвийн бие даасан байдалтай байх боломжтой юм. орон нутгийн бие даасан байдлын талаарх ийм ойлголтод суурилан сум, аймаг болон төвийн хооронд орон нутгийн амьдралыг удирдах асуудлаар чиг үүргийн тодорхой хуваарийг гаргаж болно. Дэлхийн олон улсын практик туршлага ч ийм байна. Тэгэхдээ юуны өмнө ийнхүү чиг үүргийг хуваарилах зарчмуудыг тодорхойлох хэрэгтэй юм. Зохиогч энэхүү зөвлөмжид байж болох зарчмууд болон тэдгээрт тулгуурлан төв орон нутгийн чиг үүргийг хуваарийн талаар тодорхой санал дэвшүүлж зөвлөмж боловсрууллаа.