2016 Герман улсын Христийн ардчилсан намын Үндсэн дүрмийн эмхэтгэл


0:00
/

pdf унших - Герман улсын Христийн ардчилсан намын Үндсэн дүрмийн эмхэтгэл

Зорилго, Нэр, Байрлал

§ 1 (Зорилго) Герман улсын Христийн ардчилсан нам христийн шашны үүрэг хариуцлага, христийн ёс зүйн дагуу хувь хүний эрх чөлөөг дээдлэн Германы ард түмэн, Герман эрх орны төлөө зүтгэж ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ.

§ 2 (Нэр) Намын нэр нь Христийн ардчилсан нам (ХАН) ба муж улс, дүүрэг, хот буюу суурин, хотын дүүргүүдийн болон салбар байгууллагууд нэмэлтээр тухайн орон нутгийн нэртэй байна.

§ 3 (Байрлал) Герман улсын Бундестагийн байнгын байрлал нь Герман улсын Христийн ардчилсан намын байрлал мөн болно.

Гишүүнчлэл

§ 4 (Гишүүнчлэлийн нөхцөл шаардлагууд)
(1) Христийн ардчилсан намын зорилтуудыг дэмжих хүсэлтэй, 17 нас хүрсэн, шүүгчийн тогтоолоор сонгогдох буюу сонгох эрхээ хасуулаагүй хүн бүр намд гишүүнээр элсэх боломжтой.
(2) Европын холбооны гишүүн улсын иргэншилгүй этгээд намд зочноор хамтран ажиллах боломжтой. Горилогч нь Герман улсад нэг жил оршин сууснаар намд элсэх ерөнхий шаардлагыг хангана.
(3) Өөр нам буюу Христийн ардчилсан намтай өрсөлдөх бусад бүлэглэлийн гишүүн бус, үзэл санаагаараа Христийн ардчилсан намд ойр, түүний үнэт зүйлс, зорилготой өөрийгөө холбоотой гэж үзэх хүний бичгээр гаргасан өргөдлийг холбогдох тойргийн намын хороо шийдвэрлэн орлогч гишүүнийн эрх олгох боломжтой. Орлогч гишүүн нь гишүүдийн хурал цуглаанд оролцох, үг хэлэх, өргөдөл болон санал гаргах эрхтэй. Сонгууль болон санал хураалтанд орлогч гишүүн оролцохгүй. Орлогч гишүүн нь зарчмын хувьд татвар төлөхгүй ба 1 жилийн хугацаанд Христийн ардчилсан намд гишүүнээр элсээгүй бол энэ хугацааны дараа намын харьяалал шууд дуусгавар болно. Орлогч гишүүн нь өөрийн боломжоороо сайн дурын хандиваар намын ажлын санхүүжилтэнд туслалцаа үзүүлбэл зохино.
(4) Христийн ардчилсан намын үйл ажиллагааны талбарт давхцан ажиллах өөр нэгэн намын гишүүн буюу Христийн ардчилсан намтай өрсөлдөх өөр улс төрийн бүлэглэл, эсвэл түүний парламент дахь төлөөллийн гишүүн байх нь Христийн ардчилсан намын гишүүнчлэл болон Христийн ардчилсан намтай хамтран ажиллах боломжгүй болгоно.

§ 5 (Гишүүнээр элсэх журам)
(1) Горилогчийн хүсэлтийг үндэслэн түүнийг намд элсүүлнэ. Намд элсэх өргөдлийг бичгээр, бичвэр эсвэл цахим (жишээ нь и-майл) хэлбэрээр гаргана. Намд элсэх өргөдлийг албан ёсоор хүлээж авсны дараа дөрвөн долоо хоногийн дотор холбогдох тойргийн намын хороо түүнийг шийдвэрлэнэ. Энэ хугацаанд холбогдох намын анхан шатны байгууллагаас санал авна. Онцгой тохиолдолд тойргийн намын хороо хүндэтгэх шалтгаанаар энэхүү заасан хугацаанд шийдвэр гаргах боломжгүй бол хугацааг хоёр долоо хоногоор сунгана. Энэ тухай өргөдөл гаргагчид цаг алдалгүй бичгээр мэдэгдэнэ. Дахин хугацааг сунгах боломжгүй ба зургаан долоон хоногийн дотор тойргийн намын хороо татгалзсан шийдвэр гаргаагүй бол өргөдлийг зөвшөөрсөнд тооцно.
(2) Мөн тойрох хуудсаар санал хурааж, намд элсүүлэх шийдвэр гаргаж болно. Хорооны гишүүдийн дөрөвний гурав нь тойрох хуудсаар санал авах ажиллагааг эсэргүүцсэн тохиолдолд түүнийг хэрэглэхгүй. Намын хорооны санал өгөх эрхтэй гишүүдийн олонхи зөвшөөрсөн бол тойрох хуудсаар санал хурааж намд элсүүлнэ. Тойрох хуудсаар санал хураалтыг эхлүүлсэн тухай, түүнийг явуулахыг эсэргүүцсэн болон тойрох хуудсаар хураасан саналуудыг бичгээр эсвэл цахимаар (и-майл) бүртгэнэ. Тойрох хуудсаар санал хураалт явуулах эсэхийг мөн тойргийн намын хорооны хуралдаанаар шийдвэрлэж болно.
(3) Намд элсүүлэх асуудлыг гол төлөв оршин суух газрын тойргийн намын хороо шийдвэрлэх эрхтэй. Горилогчийн хүндэтгэн үзэх хүсэлтийн дагуу элсэлтийг мөн түүний ажлын газар дахь тойргийн намын хороо шийдэх боломжтой. Ажлын газар дахь тойргийн намын хороо элсүүлэхээс өмнө оршин суух газрын тойргийн намын хороог сонсоно. Бусад элсүүлэлтийг муж улсын намын байгууллага шийдвэрлэнэ.
(4) Намд элсэх өргөдлийг оршин суугаа буюу ажлын газрын намын байгууллага буцаасан бол өргөдөл гаргагч гомдол мэдүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд эцсийн шийдвэрийг муж улсын намын хороо гаргана.
(5) Намын гишүүн оршин суугаа эсвэл онцгой тохиолдолд ажиллаж буй хот, суурингийн буюу хотын дүүргийн намын байгууллагад харьяалагдана. Гишүүний хүндэтгэн үзэх хүсэлтээр тойргийн намын хороо өөр тусгай зохицуулалт хийхийг зөвшөөрнө. Тогтоосон харьяалал өөрчлөгдөхгүй.

§ 6 (Гишүүний эдлэх эрх)
(1) Гишүүн бүр зохиогдох арга хэмжээ, сонгууль болон санал хураалтанд хууль болон дүрмийн эрх зүйн заалтуудын хүрээнд оролцох эрхтэй.
(2) Нам болон түүний бүх орон нутгийн нэгжийн дээд байгууллагад зөвхөн намын гишүүд сонгогдох эрхтэй ба энэхүү дээд байгууллагын гишүүдийн талаас илүү хувь нь Герман улсын иргэншилтэй байна.
(3) Тойргийн намын хорооноос дээш шатанд намын гишүүн нь нийтдээ гурваас – холбоо, тусгай байгууллагуудын удирдах албан тушаалыг хамт тооцох бол таваас – илүүгүй удирдах албан тушаалд сонгогдож болно.
(4) 2017 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн гишүүд өөрийн тойргийн намын хорооноос дээш шатны орон нутаг болон дүүргийн намын бага хуралд асуудал хэлэлцэх тухай өргөдөл гаргах эрхтэй. Орон нутаг буюу дүүргийн намын бага хуралд өргөн барьсан асуудал хэлэлцэх тухай өргөдөлд 200-аас доошгүй гишүүн, муж улсын намын бага хуралд өргөн барьсан өргөдөлд бага хурлыг зарлан хуралдуулж буй тухайн орон нутгийн намын 300-аас доошгүй гишүүн гарын үсэг зурсан байна. Намын Их хуралд асуудал хэлэлцэх тухай өргөдлийг 500-аас доошгүй гишүүн гаргана. Өргөдөл бүр үндэслэлтэй байна. Өргөдлийг хамтран хариуцах, мэдэгдэл гаргах, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрийг өргөдөлд зааж өгнө. Орон нутаг, дүүрэг эсвэл муж улсын намын бага хуралд асуудал хэлэлцэх тухай өргөдлийг 2-р өгүүлбэрт зааснаас бага тооны гишүүд гаргах боломжийг муж улсын намын байгууллагууд өөрийн дүрмэндээ тусгаж болно.

§ 6 a (Гишүүдийн асуулга)
(1) Холбооны улс, муж улс эсвэл тойргийн намын хэмжээнд тодорхой ажил хэргийн болон боловсон хүчний асуудлаар намын гишүүдийн дунд асуулга явуулж болно.
(2) Орон нутгийн доод шатны намын байгууллагуудын гуравны нэг шаардсан ба дээд шатны намын хорооны санал өгөх эрхтэй гишүүдийн үнэмлэхүй олонхи шаардлагыг дэмжсэн бол асуулга явуулна.

§ 7 (Гишүүний татвар төлөх үүрэг, татварыг хожимдуулах)
(1) Гишүүн бүр татвар төлнө. Нарийвчилсан асуудлыг Санхүү болон гишүүдийн татварын журмаар зохицуулна.
(2) Өөрийн буруугаас зургаан сараас илүү хугацаагаар татварыг хожимдуулсан гишүүний эрхийг түдгэлзүүлнэ.

§ 8 (Гишүүнчлэлийг дуусгавар болгох)
(1) Нас барсан, намаас өөрөө татгалзсан, намаас хассан бол гишүүнчлэл дуусгавар болно. Оршин суух эрхээ алдсаны улмаас намд элсэх, харьяалагдах нөхцлүүд биелэгдэхгүй болсон бол Герман улсын иргэншилгүй намын гишүүний гишүүнчлэл нь дуусгавар болно.
(2) Гишүүн нь намд элсэх өргөдөлдөө буюу бусад шийдвэрлэх ач холбогдолтой асуудлаар санаатай худал мэдээлэл өгсөн эсвэл ноцтой нөхцлүүдийг нуусан бол холбогдох тойргийн намын хороо санал өгөх эрхтэй гишүүдийн олонхиор намд элсүүлэх шийдвэрийг хүчингүйд тооцож болно. Намд элсүүлэх шийдвэрийг хүчингүйд тооцохын эсрэг нэг сарын дотор холбогдох муж улсын намын байгууллагад гомдол гаргах боломжтой ба үүнийг муж улсын намын хороо эцэслэн шийдвэрлэнэ.

§ 9 (Намаас татгалзах)
(1) Намаас татгалзах тухай мэдэгдлийг харьяа тойргийн намын байгууллагад бичгээр гаргана. Мэдэгдэл хүлээн авмагц гишүүнчлэл дуусгавар болно.
(2) Гишүүн нь өөрийн хувийн татвар эсвэл тусгай хураамжийг зургаан сараас илүү хугацаанд төлөөгүй, энэ хугацаанд бичгээр сануулга авсан ба баталгаат шуудангаар илгээсэн хоёрдахь сануулгаар төлбөр хийх нэг сарын хугацаа тогтоож, төлбөр хийгээгүйн улмаас үүсэх үр дагаврыг заасан боловч гишүүний үлдэгдэл татварыг төлөөгүй бол түүнийг намаас татгалзах мэдэгдэл хийсэнд тооцно. Тойргийн намын хороо гишүүнчлэл дуусгавар болсоныг бүртгэж, намаас татгалзсан гишүүнд бичгээр мэдэгдэнэ.